АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ АЙМГИЙН ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА Б. НУРГУЛАН ТАНИЛЦЛАА

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ    “ХҮНСНИЙ НОГООНЫ
ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ”  ТӨСЛИЙН АЖИЛТАЙ АЙМГИЙН ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА Б.Нургулан, Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт нар танилцлаа
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж байна.
Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих замаар маркетингийн үр ашгийг дээшлүүлж, өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэн тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм. Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай, Баяннуур сумдад нийт 2 услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлах ажил хийгдэхээс гадна дараах ажилуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
– Зорилтот сумдад услалтын системийг шинэчлэн, сэргээн засч усалгаатай тариалан эрхлэх нөхцөл бүрдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ.
– Төсөл хэрэгжих сум бүрт 10-аас доошгүй гишүүн бүхий 4 ногоочдын бүлэг байгуулж, тэдгээрийг усны хэмнэлттэй усалгааны тоног төхөөрөмж болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангана.
– Услалтын системийг сэргээн засах, шинэчлэх барилгын ажлын үеэр төсөл хэрэгжих нийт сумдын орон нутгийн 240 иргэдийг түр ажлын байраар хангах ба тэдгээрийн 40%-д эмэгтэй, 10%-д ядуу өрх, 10%-д нь өрх толгойлсон эмэгтэйг хамруулна.
– Орон нутгийн иргэд, ногоочдын бүлгийн оролцоотойгоор услалтын системүүдийн орчимд нийт 70 км-ээс доошгүй ойн зурвас байгуулж хөрсний салхины эвдрэлийг буруулахад нөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ.
– Улирлын хамаарлыг багасгах, хүнсний нэр төрлийг олшруулах, өндөр үр ашигтай хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжих сумдад өвлийн хүлэмж болон зоорь барьж байгуулна.
– Шинээр барьсан болон шинэчилж, сэргээн зассан услалтын систем ашиглах ногоочдын бүлэгт хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, хүнсний ногоо тариалах технологи эзэмшүүлэх, ус ашиглалтыг сайжруулах, усны хэмнэлттэй усалгааны төхөөрөмж ажиллуулах, хөдөө аж ахуйн зохистой дадал эзэмших, хүнсний аюулгүй байдлыг хангах, хураалтын дараах боловсруулалт хийх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, зах зээлд үр ашигтайгаар нийлүүлэх болон барилга засвар үйлчилгээний ажил хийх, барилгын үеэр эрүүл мэндээ хамгаалах зэрэг ур чадвар дээшлүүлэх болон нийгмийн чиглэлээр чадавхи бэхжүүлэх, мэдээлэл түгээхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулагдана.