Шуудуу нь услах талбайгаас шалтгаалан нэг буюу хэд хэд байж болно. Шуудуу олон салаатай, гүнзгий биш байвал талбайг жигд услах боломжтой. БООЛТ ХИЙХ: шуудуунд ууттай хайрга цувуулан хооронд нь шахаж тавина. Мөн дээш нь шахаж өрөөд гишгэж нягтруулан шуудуунаас дээш гартал тавина. Хуримтлагдах усны хэмжээнээс хамаарч хаалтны өндрийг тогтооно. Дээд тэлын 2 үе нь ууталсан хөх бууц байна. Энэ нь талбайг услахаас гадна бордох сайн талтай. Үерийн ус ирэх үед боолт сэтэрч болзошгүй тул ууттай хайрганы араар мод буюу шургаагаар хоёр талын эрэг тултал хашиж бэхэлгээ хийж өгнө. ШУУДУУГ СЭТЛЭХ: 1-2 хоног талбайгаа усалж, жигд устай болсны дараа боолтоо сэтэлж, талбайн ус шингэтэл өөр талбай руу урсгаж, ус шингэмэгц сэтэлсэн газраа боож, дахин услах зэргээр нийт талбайг услана. ҮЕРИЙН УСЫГ АШИГЛАХ: үерийн ус гүйдэг хуурай сайрыг тосгуулж шороо чулуу ашиглан хагас саран хэлбэрийн 20-30 см өндөр хаалтууд хийж, усны урсгалын хурдыг сааруулж талбайд тараана. Эх сурвалж: ХОБТ-ийн архив