Мэндчилгээ

 

Мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд байгууллагын веб хуудсаар дамжуулан тив дэлхий, улс орон, аймаг, олон нийттэй харилцах таатай боломж бүрдсэн цаг үед байгууллагын цахим хуудсаар морилон саатаж байгаа та бүхэнд салбарын нийт ажилтан, албан хаагчид, малчид тариаланчид, үйлдвэр эрхлэгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Технологийн дэвшлийг засаглалын эд эс болгон ашигласнаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасаж,  төрийн үйлчилгээ иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж  байна.

Эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, бичил, жижиг, дунд үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх асуудлыг эрхэм зорилго болгон тодорхойлон үндсэн үйл ажиллагаа түүнийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн “Хүнсний ногоо“, “Жимс жимсгэнэ”, “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн”, “Ноолуур” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан аймгийн ИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилох байр суурийг эзэлдэг бөгөөд цаашид ч  энэ хандлага  хэвээр хадгалагдах учир монгол малын генийн санг хадгалан хамгаалж, байгалийн эрсдэл даах чадавхийг дээшлүүлэн, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн онцлогт тохируулан уламжлалт арга туршлага, дэвшилтэт технологийг хослуулсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай менежментээр хэрэгжүүлэх бодлого баримтлан ажиллана.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас мал аж ахуйн салбарыг анхаарч  “Малын генетик нөөцийн тухай” “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Ноолуур хөтөлбөр”, “Малын эрүүл мэнд хөтөлбөр”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Монгол малчин хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян” зэрэг мал аж ахуйн салбарын эрх зүйн баримт бичгүүдийг батлан гаргасан. Тэдгээр эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд ханган ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

Аймгийн хэмжээнд 15533 малтай өрх байгаагаас 5219 нь 50 хүртэл толгой, 6471 нь 51-200 толгой, 3119 нь 201-500 толгой, 600 нь 501-999 толгой, 124 нь 1000-аас дээш толгой малтай байна.

Нийт малчдын 8,9 хувь нь нийгмийн даатгалын шимэтгэл төлсөн ба нийгмийн даатгалын шимэтгэлд хамрагдсан малчдын 18%-ийг 25-34 насны, 22%-ийг 35-44 насны, 28%-ийг 45-54 насны малчид эзлэж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар 2378553 толгой мал тоолуулан өмнөх онтой харьцуулахад малын тоо 153,9 мянган толгой буюу 6,9 хувиар өссөн. Тоологдсон нийт мал сүргийн тэмээ 0,2, адуу 4,8, үхэр 7,6, хонь 42,6, ямаа 44,7 хувийг тус тус эзэлж байна. Нийт малын тоогоор Цэнгэл сум 305039 толгой мал, адуун сүргийн тоогоор Дэлүүн сум 13132 толгой мал, үхэр сүргийн тоогоор Дэлүүн сум 26189 толгой мал, тэмээн сүргийн тоогоор Алтанцөгц сум 1232 толгой мал, хонин сүргийн тоогоор Цэнгэл сум 133408 толгой мал, ямаан сүргийн тоогоор Цэнгэл сум 137924 толгой мал тус тус тоолуулан 1 дүгээр байранд орсон байна.

Малчин өрхийн тоо өмнөх оноос 359 буюу 2,4 хувиар нэмэгдэн 15533 болсон  байна.

Баян-Өлгий аймаг нь газар тариалангийн эргэлтийн 1500–аад га талбайтай. Тус аймгийн Ховд гол дагасан Сагсай, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Булган гол дагасан Булган сумдын хөрсний үржил шим, усны эх үүсвэр нь төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тариалах тохиромжтой, газар тариаланг хөгжүүлэх  боломжтой бүс нутаг  юм.

Одоогийн байдлаар малын тэжээлийн нэг наст болон олон наст ургамал, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо, жимс жимсгэнэ тариалж байгаа ба аймгийн хэрэгцээт төмсний 90%-ийг, хүнсний ногооны 18%-ийг, жимс жимсгэний 1,5%-ийг хангаж байна. Цаашдаа төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 50%-ийг дотоод нөөц бололцоогоороо ханган таримал ургамлын төрлөөр уламжлалт хэв загвартай байгааг төрөлжүүлэх, газар тариалангийн техникийн паркийг шинэчлэх, тариалалт хийх талбайг нэмэгдүүлэх, төмсний үрийг вирусгүй, эрүүл үрээр шинэчлэх,  төмсний зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн өөрийнхөө хэрэгцээнээс илүү үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад голлон анхаарах юм.

Өнгөрсөн 2021 онд 1309,8 га талбайд тариалалт хийгдсэнээс  323 га-д нь төмс, 143,8 га-д хүнсний ногоо, 732  га-д малын тэжээл, 95 га-д жимс, жимсгэнэ тариалж улмаар төмс 3929 тн, хүнсний ногоо 1554,1 тн, жимс жимсгэнэ 116,2 тн, малын тэжээл 1517 тн,  нийт 7116,2 тн ургац хураан авсан.

Хөдөө орон нутагт ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг чадавхжуулах, өрсөлдөх чадавхтай болгохын тулд одоо байгаа байгаль, экологийн суурь нөөцөд тулгуурлан ХАА-н бизнесийг богино хугацаанд хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн, нутгийн онцлогтой брэндийг хөгжүүлэн зах зээлд гаргаж иргэдийг эрүүл хүнсээр хангах асуудалд онцгой анхаарал хандуулан бодлогыг тодорхойлон ажиллах  болно.

Гагцхүү аймаг, орон нутгийн үүсгэл санаачилгаар, иргэд, малчид тариаланчид, ЖДҮ эрхлэгчдийг “Хоршоо”-ны загварыг үр бүтээлтэй ашиглаж хамтран ажиллах оролдлого санаачилгыг нэгтгэх замаар цугтаа хөгжих бизнесийн загварыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан зөв зүйтэй төлөвлөлт, сайн менежментээр системтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Харин ХАА-н нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хүрээнд “дундын хоршоо”-ны загварыг ашиглан бэлтгэн нийлүүлэгч, тариаланч, боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, бусад үйлчилгээний бизнесийнхэн оролцсон хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Мөн ХАА-н тоног төхөөрөмж, техникийн хүрэлцээг хангахын тулд “Дундын техник үйлчилгээний төв” байгуулах зэрэг боломжийг ашиглавал нэг тариаланчид оногдох санхүүгийн дарамт буурч, улмаар техникийн сул зогсолт багасаж үр ашиг дээшлэх боломж харагдаж байна. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд бүх хүч бололцоогоо дайчлан ажиллах болно.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө сэтгэл, үйл ажиллагаа, хамтын хөдөлмөрөө хандуулах хэн бүхэнд манай ажил, үйлчилгээ веб хуудаснаа нээлттэй байх болно.

Та бүхэн Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын веб хуудсанд тухлан саатаж манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Болатын Нургулан

Leave a Reply