ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛААР БАРУУН ТАВАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ХХААГ- ЫН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮД ОРУУЛСАВ.

Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга, ХААГ-ын дарга нартай уулзаж байна. Хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах талаар зөвлөлдөж байна.
Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөж, экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж байгаа энэ хүнд цаг үед бид эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад аймгийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн эмч, ажилтнууд, малчин, тариаланчдын оролцоо чухал.
Дотоодын зах зээл дээр мал, мах үнэ ханш өндөр тогтвортой байгаа үед малаа худалдан борлуулахад анхаарч малчдыг зөв мэдээ, мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай арга хэмжээг авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатай. Иймд улсын хэмжээнд зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах талаар онцгой анхаарах шаардлага тулгарч байна.
Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарах ёстой. Үүний тулд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг зохион байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарах, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэхийг даалгалаа.
Намрын ургацын баланс, хадлан тэжээлийн бэлтгэлд тулгуурлан өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивэгний экспорт, импортыг нэмэгдүүлэх, хязгаарлах эсэх арга хэмжээг хэрэгжүүлэх, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөр тайван байдлыг хангах, малын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хязгаарлах, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцдөө үнэлгээ хийж, шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Наадмын дараа намар гэдэг. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой. Хатуу цагийг бэрхшээлгүй давахын тулд хөдөө аж ахуйн салбарынхан эрсдэлийг түрүүлж харах, асуудлаа тооцоолдог чадамжтай байх ёстой. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй өвөл, хаврыг өнтэй давахын тулд намрын их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэйг баруун таван аймгийн холбогдогдох албан тушаалтнуудад санууллаа.