Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн үйлдвэрлэл, техник, технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бахытаас тодрууллаа.
-Хаврын тариалалт эхлэх хугацаа дөхөж байна. Баян-Өлгий аймаг энэ жил хэчнээн га-д тариалалт хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Тариалалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ онд аймгийн хэмжээнд 1345.5 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа. Үүнээс 330 га-д төмс, 152,5 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс, жимсгэнэ, 757 га-д малын тэжээл тарина.
-Тариалат хийх талбайн хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн онтой харьцуулахад 30 орчим хувиар нэмэгдсэн.
-Тариалан эрхлэгчдэд төр засгаас ямар дэмжлэг үзүүлж байна?
-Маш олон талаас дэмжин ажиллаж байна. Жишээлбэл, тариалан эрхлэгчдэд хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарч, Баян-Өлгий аймагт хуваарилагдсан үрийг татан авсан. Нийтдээ 8 төрлийн үрийг тариаланчдад тараах юм. Мөн газар тариалан эрхлэгчдэд арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлж байгаа. Тухайн зээлийг малын тэжээл тариалдаг иргэдэд 1 га тутамд 650 мянган төгрөг, жимс, жимсгэнэ тариалагчдад 1 га тутамд 10 сая, хүнсний ногоо тариалагчдад 8 сая, өвлийн хүлэмж эрхлэгч нарт 1 мкв тутамд 100 мянга, зуны нийлэг хальсан хүлэмжийн 1 мкв тутамд 60 мянган төгрөгөөр тооцож олгоно. Банкуудад шаардлага хангасан тариаланчдын нэрс ирсэн байгаа.
-Баян-Өлгий аймагт хэчнээн хэмжээний үр хуваарилагдан ирсэн бэ?
-ХХААХҮЯ-наас эхний ээлжинд шар лууван, шар манжин, хүрэн манжин, саримс гэх мэтчилэн 8 төрлийн хүнсний ногооны 100 гаруй кг үр ирсэн. Энэ нь хүнсний ногооны үрийн нийт хэрэгцээний 40 орчим хувийг хангана. Харин төмсний үрийн хувьд асуудал байхгүй, тариаланчид өөрсдийнхөө хадгалсан нөөцөөс гадна хөрш зэргэлдээ аймгуудаас татан авсан байгаа. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хөнгөлөлттэй үнээр үр олгох асуудлыг зохион байгуулж байна. Манай аймагт хэрэгцээтэй байгаа үрийн тооцоо судалгааг явуулсан.
-Дээр дурдсан хөнгөлөлттэй зээлийг тариалан эрхлэгч бүр авах боломжтой юу?
-Манай аймагт 600 гаруй өрх газар тариалан эрхэлдэг гэсэн мэдээлэл байгаа. Холбогдох мэдээллийг сумдын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгаас аваад ХХААХҮЯ руу явуулсан. Тариалалт хийж байгаа газраасаа шалтгаалаад зээл олгоно. Зээл олгох хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Зээл нь 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй. Зээл авах хүсэлтэй тариаланч иргэний хувьд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүртгэлтэй байх, хураасан ургац нь тус газрын мэдээнд орж байсан байх, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн эсвэл чөлөөлөгдсөн байх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай нь 0,1 га-гаас дээш хэмжээтэй байх зэрэг шалгууртай. Харин зээл олгох арилжааны банкны шалгуур тусдаа байгаа.
-Баян-Өлгий аймагт хаврын тариалалт хэзээ эхлэх вэ?
-Одоогийн байдлаар Баяннуур, Сагсай, Алтанцөгц суманд малын бууц татах ажил хийсэн. Тухайн онд тариалалтаа цаг агаартайгаа уялдуулан эрт эхлэх боломжтой. Энэ сарын 25-наас газар хагалах ажлууд эхэлнэ. Улаан лооль, байцаа, чинжүү зэрэг эрт болцтой ургамлуудын үрсэлгээг хийсэн, наадмаас өмнө ургац авах төлөвлөгөөтэй байна.
-Энэ жил, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хэрэгцээний хэдэн хувийг дотооддоо хангах боломжтой вэ?
-2022 онд аймгийн хэмжээнд 4160,3 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ, 1625 тонн малын тэжээл хураан авах төлөвлөгөөтэй байна. Энэ жил төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 35, жимс жимсгэнийн 1,5, малын тэжээлийн 30 хувийг дотооддоо хангахыг зорьж байна.