2022.05.09 – 07 цаг 00” Аймгийн шуурхай хурал

2022.05.09 – 07 цаг 00”
Аймгийн шуурхай хурал
Өнгөрсөн хоёр долоо хоног бид аймгийнхаа бүх сумдаар тойрч явж ирлээ. Тиймээс нэг долоо хоногийн шуурхай анх удаа өнжлөө.
Бид 13 сум, 26 багаар орж 30 гаруй удаагийн уулзалтаар 5000 гаруй иргэдтэй уулзсан байна. Иргэдээс 250 орчим санал гаргажээ.
Сум бүрт 1-2 асуудлыг газар дээр нь шийдэж явлаа. Аймгийн замын сангийн хөрөнгөөр нэн яаралтай гүүр , замуудыг засах асуудлыг шийдэж явлаа. Газар дээр нь очиж нүдээрээ харж танилцаж, явахад давуу тал маш их.
Бид 26 сургууль, 28 цэцэрлэг, 16 дотуур байраар орлоо.
Манай сумдын сургууль, цэцэрлэгийн байр байшингууд 30-40 жил болсон, ихэнх нь ашиглалтын шаардлага хангахааргүй болжээ. Мөн сүүлд баригдсан 10 орчим жил болсон барилга ч ялгаагүй их муудсан байна. Энэ бол чанаргүй баригдсантай яахын аргагүй холбоотой. Тухайлбал, 2017 онд баригдсан цэцэрлэгийн дээврээс ус гоожиж, муудсан байна. 2013, 2015 онуудад баригдсан Соёлын төвийн барилгууд ч тун хэцүү болжээ.
Мөн дотуур байрны нөхцөл байдалтай танилцаж, өглөө, оройд хүүхдүүдтэй уулзлаа. Тэдний амьдарч буй өрөөгөөр нь орж, хоолны амт чанартай танилцлаа.
Хөрөнгө мөнгөний бололцоогүй ч гэсэн сэтгэл гаргаж засах, сайжруулах зүйл олон байна. Наад зах нь дотуур байрны хугарсан сандал ширээгээ сэлбэх, халцарч цоохортсон хаалга үүдээ жигдэлж будах, ор дэрний даавуугаа цэвэрхэн байлгах зэрэгт багш нар хүүхдүүдтэйгээ нийлээд хийчихэж болмоор санагдана.
Ер нь хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлд дорвитой анхаарал тавих цаг болжээ. Олон жил зөвхөн өнгөц засвар хийж явсан нь үр дүн бага байна. Шинээр сургууль, цэцэрлэг дотуур байр барьж, хүүхдүүдийнхээ аюулгүй, тохилог орчин нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна.
Гадаа ил жорлонтой , байшингийн дээвэр нь салж унах дөхсөн, сургуулийн газрыг хувийн хэвшилд өгсөн, хямд төмрөөр хашаа барьсан нь нурж унасан зэрэг нүд хальтрам дүр төрх сумдын сургууль, цэцэрлэгт харагдаж байна.
Манай сургуулийн захирал, багш, сургалтын менежэр, дотуур байрны багш гээд бүх шатанд төрийн өмч хөрөнгөд дэндүү хайр гамгүй ханддаг нь илт ажиглагдлаа. Та бүхэн энэ орчинд ажиллаж, цалин хөлс авч байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй шүү дээ. Гэтэл өөрсдөө хувийн сайхан байшинтай, гял цал хашаа хороонд амьдарч байна. Ингэж ялгамжтай хандаж болохгүй ээ.
Ер нь хүн бүр хандлага, сэтгэлгээгээ өөрчлөхгүйгээр хичээн хөрөнгө мөнгө зарсан ч урьдын байдлаасаа ангижирч чадахгүй.
Сэтгэл дутсан маш олон зүйл байна шүү гэдгийг дахин хэлье.
Манай аймгийн боловсролын салбар хамгийн хоцрогдолтой байгаад энэ мэт хандлага ухамсарын доройтол маш их нөлөө үзүүлж байна хэмээн дүгнэлээ.
Тиймээс ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө хөрөнгө оруулалтыг ч чиглүүлье. Багш сурган хүмүүжүүлэгчдийн сэтгэлгээ, хандлага, мэдлэгт чадварт ч дорвитой өөрчлөлт хийх нь чухал байна.
Өнөө өглөөний шуурхай хуралдаанд томилолтын тайлангаас боловсролын салбараас эхэлж, шийдвэр гаргахаар танилцуулж байна.
Дараа нь сумдын эмнэлгийн орчин нөхцөл, эмч нарын чадвар, ахуй амьдралын талаарх асуудлыг ярилцана.