Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хоногт 500 ширхэг саван үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо.
“MONGOL MADE” төслийн хүрээнд байгуулсан уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 4 иргэн ажлын байраар хангагдсан байна.
“1000 эмэгтэйг ажлын байраар хангаад, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг Монголд үйлдвэрлэх зорилготой “MONGOL MADE” төслийг өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж байна. Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт савангийн цех нээж, өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр ажиллуулах, тухайн орон нутгийн хэрэгцээг хангахыг зорьж байгаа.
Баян-Өлгий аймгийн хувьд казахын ард түмний уламжлалт цагаан лууль суурьтай саванг үйлдвэрлэх судалгааг хийсэн. Тухайн саванг үйлдвэрлэхийн тулд хүн хүчээ чадваржуулахаас эхлээд 1-2 сарын бэлтгэл хугацаа хэрэгтэй. Иймээс Цэнгэл суманд эхний ээлжид ямааны тостой хүүхдийн саван үйлдвэрлэх цехээ нээж байна. Сарын дараа дахин ирж чанарын хяналтаа хийгээд, чацарганын тосоор хийх савангаа үйлдвэрлэлд оруулна. Наурыз баярыг угтаад цагаан луулийг шатааж гаргаж авдаг “сахаар”-тай саван үйлдвэрлэх, мөн савангийн баглаа боодлыг казах хэлээр гаргаж казах түмэнд зориулсан тусгай саван гаргахыг төлөвлөж байна” хэмээн төслийн санаачлагч Б.Солонго хэллээ.
Дээрх савангийн үйлдвэр нь “MONGOL MADE” төслөөс байгуулсан хоёр дахь үйлдвэр бөгөөд өмнө нь Дархан-Уул аймгийн Шарынгол суманд био нүүрстэй савангийн цех байгуулсан байна. Цаашид Өмнөговь, Дорнод аймаг, Эрдэнэт хотод салбараа нээх ажээ.