ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР 130 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖИД ТАНИЛЦУУЛЛАА

 

🇲🇳 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, МҮХАҮТ, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл хамтран уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Түншлэлийн хөтөлбөр”-өө танилцуулах уулзалтаа өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт тус хөтөлбөрт хамрагдахаар анхан шатны өргөдөл өгсөн болон сонирхож буй аж ахуйн нэгж байгууллагуудын 130 гаруй төлөөлөл оролцож, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

📌 Уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Экспортыг дэмжих төсөл, ЖДҮГ-ын оролцоо, хамтын ажиллагаа, ач холбогдол, Түншлэлийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, шалгаруулах процесс, үнэлгээний хорооны талаар мэдээлэл хийв.
📌 Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй Түншлэлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой аж. Хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй зарласнаас хойш 80 гаруй аж ахуйн нэгжийн 9,1 тэрбум төгрөг хүссэн төслийг хүлээн авчээ.
📌 Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын ПБТГЗЗ-ын газрын дарга С.Дүүрэнжаргал Оюуны өмч, патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын талаар, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нар төслийнхөө талаар болон Түншлэлийн хөтөлбөрийн шинэ цонхны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Хөтөлбөрт материалаа өгч тэнцсэн, санхүүгийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд ч туршлагаасаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултуудад холбогдох албаны хүмүүс тодорхой хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
📌 Аж ахуйн нэгжүүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.