Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Хаврын баяр–Наурызын баярыг тохиолдуулан нийт Казак ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж хөдөлмөрлөн уламжлалт мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэн их ажлыг өрнүүлж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж аймаг, орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нийт Казах түмэндээ ХХААГ-ын даргын хувьд дахин баярын мэнд хүргэж талархал илэрхийлье. Та бүхэн Наурызын баяраараа үндэснийхээ хосгүй өв уламжлал, урлаг соёл, зан заншлын сайхныг үлгэрлэн харуулж, ахмад буурал, ахан дүүс, айл хотлоороо дастарханаа дэлгэн, идээний дээжээр дайлан, аялгуу эгшигт домбор хөгжмийн аянд уянгат сайхан дуугаараа түрлэг өргөж, элэг бүтэн, элбэг хангалуун, амжилт бүтээл арвин, аз хиймортой байж сайхан угтаарай.
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай!