“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа. Энэхүү хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2022.11.04/ манай аймагт зохион байгууллаа. Үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан үг хэлж, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймагт 2022-2027 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар танилцуулав. Нийт 34 арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг төлөвлөгөөний төсөлд тусгажээ. Үүний 11 арга хэмжээ нь Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 7 арга хэмжээ нь Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр, 8 арга хэмжээ нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр, 8 арга хэмжээ Хүнсний үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр хэрэгжих аж. Эдгээр арга хэмжээнүүд нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэж буй дэд хөтөлбөр, төслүүдтэй уялдуулсан гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан онцоллоо. Түүнчлэн төлөвлөгөөний төслийг аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулна гэв.Тус үйл ажиллагааны үеэр оролцогчдод Жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарын бодлого, зорилт, Зээлийн батлан даалтын сангийн тухай, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Зах зээл бэлчээрийн удирдлага” зэрэг төслүүдийн талаар болон “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төслийн талаар холбогдох албан хүмүүс мэдээлэл, танилцуулга хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед,Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн А.Алдаберген, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Э.Сугарбаяр, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Х.Муратай, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал болон аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төрийн бус байгууллага, холбоо, хоршоод төлөөлөгч нар гээд нийт 200 хүн оролцлоо.Тус нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа. Үйл ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг сонсов.