ХОРШООДОД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, ХОРШООЛЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИНЭ

Аймгийн засаг дарга Д.Бауыржан Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Индраяг хүлээн авч уулзлаа. Уулзалтад засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан болон Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лара нар байлцлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” гэж зарласан. Үүнтэй холбогдуулан, хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, сурталчлах, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх ажлыг улсын хэмжээнд өрнүүлэх Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан. Энэ ажлын хүрээнд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Индрая манай аймагт хоршоодын шинэчилсэн бүртгэл зохион байгуулах ажилд арга зүйн зөвлөгөө өгөхөөр ирэн ажиллаж буйгаа засаг даргад танилцуулж, энэхүү ажлын хүрээнд ямар ажлууд төлөвлөгдөж хийгдэж байгаа талаар санал солилцлоо.
Хоршооны хөгжлийг дэмжих ажлын хүрээнд тухайн аймаг, сум орон нутгийн удирдлагуудын эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Энэ дагуу аймагтаа хоршоог хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа Засаг дарга Д.Бауыржан илэрхийллээ. Мөн хоршоодын шинэчилсэн бүртгэл хийгдсэнээр олон жилийн ченж системийг халж, жинхэнэ хоршиж ажиллаж байгаа иргэд ашгаа хүртэнэ гэдийг засаг дарга онцлов. Мөн хоршоодын шинэчилсэн бүртгэл, хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих ажлын талаар иргэд мэдээлэлгүй, мэдлэг хомс. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд аймгийн радио, телевизэд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Д.Индраягаас тодорууллага ярилцлага өгөхийг хүсэв.
Ташрамд дурдахад: Уншигч та бүхэн хоршоодын шинэчилсэн бүртгэл хэрхэн хийлгэх, хоршоог хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдлын талаар мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хөнгөн хоршоо, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ларагаас тодруулах боломжтой. Холбоо барих утас: 99426353
Мөн өнөөдрийн /2022.04.25/ оройн радио нэвтрүүлэг болон Саян, Дербес телевизийн тодруулга ярилцлагыг хүлээн авч үзэн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.