ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ЧИГЛҮҮЛЭГЧ “АГРОНОМИЧДЫН УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН” БОЛЖ БАЙНА

Атрын анхдугаар аяныг зарлан хэрэгжүүлснээс хойш 10 жилийн дараа буюу 1969 онд Агрономичдын улсын анхдугаар зөвлөгөөн болж, Монгол орны тариалан эрхлэх анхны системийг хэлэлцэн баталснаас хойш хагас зуун жил өнгөрчээ.
Энэ хугацаанд манай тариаланчид, мэргэжилтнүүд болон эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд энэ салбарт олон шинэ таримал, сортууд, дэвшилтэд техник, технологи үр дүнтэй нэвтэрч, салбар маань эрчимжин хөгжсөнөөр хүнсний чухал таримал болох улаанбуудай, төмс, голлох нэрийн хүнсний ногооны тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж ирсэн.
Гэвч цаашид бидэнд хийх ажил их байгаагийн дотор эхний ээлжид дэлхий нийтийг хамран эрчимтэй явагдаж буй байгаль,цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицсон технологийг сонгож нэвтрүүлэх, үрийн аж ахуйн тогтолцоог шинэчлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, шинэ таримал сортуудыг сонгож нэвтрүүлэх, тариалангийн салбарыг шинжлэх ухаанчаар хөтлөн явуулах, улмаар дотооддоо тарьж ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангах үйлсэд эзэмшсэн мэргэжил, мэдлэг, дадлага туршлагаа зориулж ажиллах нь туйлын зорилго болж байна.
Өнөөдрийн “Агрономичдын улсын хоёрдугаар зөвлөгөөн” нь бид цаашдын зорилго зорилтоо хамтдаа хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж бодож байна.
Газар тариалангийн салбарт ажил амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, ахмад буурлууд, зочид, төлөөлөгчдөдөө талархал илэрхийлж, эрүүл энх, амжилт хүсье.