Монголчууд Күбота трактортай танилцсан түүх тэртээ 1998 оноос эхтэй. Монгол, Япон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр 90-100 морины хүчтэй 200 ширхэг Күбота трактор тусламжаар ирсэн билээ. Энэ цаг мөчөөс эхлэн манай улсын өргөн уудам тал нутагт Күбота трактор зам мөрөө татуулсан түүхтэй.
Хэдий 20 гаруй жилийн өмнө Монгол тариаланчдын гарт хүрч байсан эдгээр тракторуудаас цөөн ширхэг нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа нь хэр чанартай техник болохыг нь баттай илтгэх мэт. Тухайн үед зориулалтын сэлбэг хэрэгсэл нь элбэг байсан бол “бидний насны унаа болох байсан даа” гэж хуучлах тариаланчид бишгүй олон бий.2019 онд Монголын “Техник Импорт” ХК, Японы “Нийгата Күбота” ХК хамтран Күбота Монгол буюу “Эм Жэй Агритех” ХХК-ийг үүсгэн байгуулсан нь манай улсын ХАА, газар тариалангийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйл явдал болсон гэж хэлж болно. Улсын хэмжээнд нийт тариалан эрхлэгчдийн дотор улаан буудай тариалагчид харьцангуй бие даасан, бүрэн техникжсэн байх нь элбэг. Харин төмс, хүнсний ногоо тариалагчдын дийлэнх нь хараахан техникжээгүй байгаа юм.
Хаврын цагт тариалалт, намрын цагт хураалт гээд ажиллах хүчин дутагдалтай болсон өнөө цагт тариаланчдад техник шиг хэрэгтэй эд үгүй. Күбота Монголын гол зорилго нь төмс, хүнсний ногооны тариаланчид руу чиглэн ажиллаж, тэднийг чанартай техникээр хангах явдал юм.
Күбота Монгол нь Япон инженерийн сэтгэлээ шингээн бүтээсэн жижиг, дунд, том оврын тракторуудыг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг. Түүнчлэн Япон, БНСУ, ХБНГУ, Европийн орнуудад үйлдвэрлэсэн ХАА-н агрегатуудыг тариаланчдын хүсэлтийн дагуу захиалгаар нийлүүлдэг байна. Дан ганц худалдаад зогсох биш, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг нь тэдний давуу тал билээ.
Японы Осака хот дахь “Күбота” корпорацын төв үйлдвэрт үйлдвэрлэсэн оригинал сэлбэгийг харилцагчдынхаа гарт хүргэхийн зэрэгцээ, Монгол инженерүүдээ “Нийгата Күбота” засварын төвд зэрэг ахиулах сургалтад тогтмол хамруулдаг юм. 2023 он бол Күбота Монголын хувьд тод томруунаар бичигдэн үлдэх түүхэн он жил гэж хэлж болно. Учир нь тэд дэлхийн стандартад нийцсэн ХАА-н техникийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвөө ашиглалтад оруулж, үүд хаалгаа нээж байна. Уг төв нь ХАА-н техникээр дагнасан Монголын анхны үзэсгэлэн танхим, засварын төв гэдгээрээ манай улсын ХАА-н салбарын түүхэнд ч онцгой үзэгдэл болон үлдэх болов уу. Бүтээн байгуулалтын ажил 2019 оноос эхэлсэн ч цар тахлын улмаас хойшилж, чамгүй бэрхшээлийг туулжээ.
Шинэ төвтэй болсноор Күбота Монголын хамт олон Монголын тариаланчдадаа эдэлгээ дааж, ажлын бүтээмж нэмэгдүүлэх Япон трактор, агрегат, оригинал сэлбэг, тос тосолгооны материал, мэргэжлийн засвар үйлчилгээгээр түргэн шуурхай үйлчлэхийн зэрэгцээ салбарын сургалт зөвлөгөөнүүдийг тогтмол хийх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Нээлтийг тохиолдуулан 2023 оны 4 сарын 9, 10-нд ХАА-н салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд нээлттэйгээр үзэсгэлэн худалдаа, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ.Үзэсгэлэнд 100 гаруй техник, тоног төхөөрөмжүүд дэлгэгдэнэ. Мөн Күбота Монголтой хамтран ажилладаг бусад аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа таниулан сурталчлах юм.
ХАА-н техникийн цогц үйлчилгээг үзүүлэх Күбота Монгол үзэсгэлэнгийн танхим, засварын төв нь тариаланчдын хөлд дарагдсан, тэдний зорин очих дуртай төв нь болно гэдэгт итгэлтэй байна.