Монгол орны нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зургаан ажлын хэсэг гарч бүсчилсэн байдлаар 21 аймагт ажиллаж байгаа. Тэгвэл Баруун аймагт ажиллах Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2024.02.23/ УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл болон аймгийн Онцгой комиссын гишүүдтэй өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга А.Камелият аймгийн өвөлжилт, хаваржилтын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцууллаа.
Тухайлбал,
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тээврийн хэрэгслийн эдэлгээний хугацаа дуусаж цаашид ашиглах боломжгүй болсон Алтанцөгц, Баяннуур, Толбо, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумд түргэн тусламжийн Зоонозын өвчин судлалын төвд шуурхай албаны автомашин,
Малын сэг зэмийг устгал болон малчдын хашаа хороо, үерт өртсөн нийтийн гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд ашиглах ариутгалын тусгай зориулалтын автомашин,
Аймгийн Онцгой байдлын газарт ЗИЛ-131 болон туулах чадвар сайтай автомашин,
Мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал нэн хүндэрч байгаатай холбогдуулан ОХУ-аас өвс оруулах асуудлыг шийдвэрлүүлэх,
Зудад өртөж малгүй болсон малчдыг малжуулах төсөлд хамруулах,
Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгох,
Даян- Улаанбайшингийн боомтыг хатуу хучилттай автозамаар холбох,
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах,
Увс- Баян-Өлгий аймгийг хатуу хучилттай автозамаар холбох зэрэг санал, хүсэлтүүдийг уламжилсан юм.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УОК-оос өвөлжилт, хаваржилт зудын эрсдэлийг хохирол багатай давахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг өгч, аймгийн Онцгой комиссоос тавьсан санал хүсэлтүүдийг шийдвэрлүүлэх талаас анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллах юм.
Аймгийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Булган сум 100 хувь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 40-100 см, хунгарласан газарт 100-17 см, Дэлүүн, Алтай, Сагсай, Улаанхус, Толбо, Цэнгэл сумуудад 90-95 хувийн цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 10-40 см, хунгарласан газарт 50-100 см, уулархаг нутгаар хунгарласан 100-150 см, бусад сумдын нутгаар цасны зузаан 2-20 см, хугарласан газраар 20-30 см, уулархаг нутгаар 40-80 см-тэй байна.
Булган, Алтай, Дэлүүн, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Толбо зэрэг нийт 7 сум “цагаан зуд”-ын, Бугат, Ногооннуур, Буянт зэрэг нийт 3 суманд “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 13608 толгой мал хорогдсон бөгөөд Булган, Бугат, Цэнгэл, Улаанхус, Дэлүүн сумдад хамгийн өндөр хорогдолтой байна.