АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН АЙМГИЙН АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН УДИРДЛАГУУДЫГ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймагтаа үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын удирдлагууд болон төлөөллүүдийг хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох талаарх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Серёжа, Хас банкны захирал Х.Сьезгүл, Төрийн банкны захирал Д.Рая, Хаан банкны захирал Н.Өнөржаргал, Голомт банкны төлөөлөл С.Хуанбек, болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд Засаг дарга Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” уялдуулан 2038 он хүртэлх Баян-Өлгий аймгийн урт хугацааны стратеги төлөвлөгөө, үүнтэй уялдуулсан Дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлт, аймгийн ажлын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны ажлын төлөвлөгөөнүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Талууд Зээлийн Батлан Даалтын сан / Зээлийн Батлан Даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм./ болон жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуйн салбар, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%-ийн хүүтэйгээр арилжааны банкнуудаар дамжуулж зээл олголттой холбоотой санал мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.Уулзалтын үеэр Засаг дарга банкны удирдлагуудад 3 хүсэлтээ тавьж, хамтран ажиллахыг уриаллаа. Үүнд: Мэдээллийн салбар дээр ЗДТГ-ын мэдээллийн төвтэй шилэн байдлаар хамтран ажиллахыг, Батлан Даалтын сангийн зээлийг дэмжиж ажиллахыг, Эдийн засгийг ил болгох талаас анхааралдаа авч ажиллахыг хүссэн бол 3 зүйлийг хамтдаа бүтээхийг уриаллаа. Үүнд: Хоггүй аймаг болохын төлөө хамтдаа ажиллаж, Хоггүй Өлгий хотыг бүтээх, Тэрбум модоо тарьж, хамтдаа ногоон Өлгийг бүтээх, Цахим засаглалыг хамтдаа бүтээхийг уриалсан юм.
Харин арилжааны банкны удирдлагууд: “Аймгийн Засаг дарга ард иргэд, харилцагчдын төлөө сэтгэл гаргаж биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу Таны тавьсан 3 хүсэлт, хамтдаа бүтээх 3 ажлыг хэрэгжүүлж, дэмжин ажиллах болно” гэдгээ хэлж уулзалтыг дүгнэлээ.