БАЯН-ӨЛГИЙ: С.Лара: ЖДҮХС-гаас зээл хүсэгчдийн төслийг ирэх сарын 23-ыг хүртэл хүлээн авна.
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд Баян-Өлгий аймагт 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хуваарилсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн төслийг хүлээн авах ажил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХХААГ-ын Жижиг, дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Ларагаас зарим зүйлийг тодрууллаа.
ЖДҮХС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан байдаг. Тус журмын дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төслийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн ирэх сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна. Хөнгөлөлттэй зээлийн зориулалт нь үндсэн хөрөнгө оруулалт байх бөгөөд 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай байна. Мөн зээлийн үндсэн төлбөрөөс 12 хүртэл сарын хугацаагаар чөлөөлөгдөх юм.
Зээлийг ямар салбарын төслүүдэд олгох вэ?
– Зээл олгох үндсэн 5 салбар байгаа. Тодруулж хэлбэл:
1. Хүнсний үйлдвэр:
-Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
-Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
-Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр;
-Цэвэр усны үйлдвэрлэл;
-Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл;
2. Газар тариалан:
-Хүлэмжийн аж ахуй;
-Хүнсний зоорь, агуулах;
-Малын тэжээл, бордооны үйлдвэрлэл;
-Агро ойн аж ахуй;
-Төмс хүнсний ногооны үр үйлдвэрлэл;
3. Хөнгөн үйлдвэр:
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэр;
-Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
-Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл;
-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
4. Мал аж ахуй:
-Эрчимжсэн мал аж ахуй;
-Мал үржүүлэг, мал эмнэлгийн үйлчилгээ;
-Малын ялган тэмдэглэх хэрэгсэл үйлдвэрлэл;
5. Үйлчилгээ
-Ахуйн үйлчилгээний төв /3-аас дээш засвар, үйлчилгээ/.
Түүнээс гадна зээл олгох чиглэл гэж бас байна. Үүнд:
1.Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос хөдөө орон нутагт шилжин үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
2.Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
3.Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
4.Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
5.Инновацын бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
6.Хүнсний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч аж ахуйн нэгж
7. Сахрын агууламж багатай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж зэрэг багтана.
– Хувиараа бизнес эрхлэгч иргэд тухайн хөнгөлөлттэй зээл авах боломжтой юу?
– 2019 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар зөвхөн аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэдэг болсон. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэж 3 ангилдаг. Энэ жилийн хувьд хөнгөлөлттэй зээлийг 1-9 хүртэл ажилчинтай, 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бичил бизнес эрхлэгчдэд олгоно. Ингэхдээ борлуулалтын орлогыг харгалзан үзэх юм. Тухайлбал, 100 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 100 сая төгрөг хүртэл зээлийн хүсэлт гаргана гэсэн үг.
Зээл авах аж ахуйн нэгжүүдээс барьцаа хөрөнгө шаардах уу?
– Зээл хүсэгчид заавал барьцаалах хөрөнгөтэй байх ёстой.
– Борлуулалтын орлого нь 300 саяас дээш аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой юу?
– Арилжааны банкуудад хандаж Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу JICA-гийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, байгаль орчныг хамгаалах ІІ үе шаттай төслөөс 20-800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой. Тус зээл нь 6 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай бөгөөд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ХААН, Хас, Голомт, Капитрон, Төрийн банканд хүссэн үедээ хандаж зээл авах боломж нээлттэй байгаа.
– Зээл авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд төслөө ямар цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх вэ?
– Аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлт, холбогдох бичиг баримтуудаа ирэх сарын 23-ны өдөр хүртэл www.sme.gov.mn веб сайтад байршуулсан байх ёстой. Зээл хүсэгчдэд зөвлөхөд, өнөөдрөөс эхлэн бүртгэлээ хийж, өдөр болгон мэдээллээ нэмж, янзлаад явах боломжтой. Учир нь сүүлийн өдөр бүх материалаа байршуулна гэвэл зарим бичиг баримт дутуу болох, техникийн саатал гарах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг урьдчилан тооцох шаардлагатай байна.
Төсөл сонгон шалгаруулах ажиллагааг хэрхэн явуулах вэ?
– Төсөл хүлээн авч дууссаны дараа үнэлгээ хийнэ. 0-100 оноогоор үнэлэгддэг. Эхний шатанд бичиг баримтын бүрдлийг шалгана. Эхний шатаас 70-аас дээш оноо авсан төслүүд дараагийн шатанд шилжиж, энэ талаар аж ахуйн нэгжүүдэд мессежээр мэдэгдэнэ. Хоёр дахь шатанд Жижиг, дунд үйлдвэрийн газраас төслүүдийн иж бүрдлийг нягталж шалгаж, дараа нь газар дээр нь ирж үздэг. Үүнээс 70-аас дээш үнэлгээгээр шалгарсан төслүүдийг аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн төслүүдийг сонгон шалгаруулах дэд хорооны хуралд оруулж эцсийн дүнг гаргана. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулна.
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia