Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид энэ хавар 1360 га талбайд тариалалт хийнэ. Жил бүр хаврын тариалалт эхлэх үед таримал ургамлын үрийн нөөц хангалтгүйн улмаас чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон хүндрэл үүсдэг билээ.
Тийм учраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамлын хяналтын улсын байцаагч Х.Бахытаас тариалалт хийх ургамлын үрийг хэрхэн сонгох талаар тодрууллаа.
Тэрбээр бидэнд өгсөн тайлбартаа, “Баян-Өлгий аймаг эрс тэс уур амьсгалтай, таримал ургамлын ургах хугацаа богино учир эрт ургацын төмс, хүнсний ногооны үрийг сонгох нь зөв. Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, төмс, хүнсний ногооны арвин ургац хураахад хамгийн чухал зүйл бол тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм.
Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Турк, Казахстан болон бусад улсаас Монгол оронд туршигдаагүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирэн тариалснаас болж болц гүйцэхгүй байгаа асуудал байна. Түүнээс гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдаж тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгаа.
Мөн зах, худалдааны төвүүд гарал үүсэл нь тодорхойгүй үр худалдаж байна. Манай аймгийн хувьд эрт болцтой солист, импала, борвина, гала, витара, дунд болцтой романо санта зэрэг сортын төмсний үр, Сибирский скороспелый зэрэг сортын улаан лоолийн үр, зозуляа, амазонка зэрэг сортын өргөст хэмхийн үрийг тариалахад тохиромжтой. Тариалалт хийхдээ мэргэжлийн агрономичоос зөвлөгөө авах нь илүү үр дүнд хүргэнэ” гэв. Хүнсний хувьсгал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар