БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУ МАЛЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакирийн санаачлагаар “ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-ийг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран 2022 оны 03-р сарын 05 өдөр аймгийн Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт амжилттай зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан болон Хүнс,хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан нар үг хэлж анхдугаар залуу малчдын зөвлөгөөнөөс амжилт хүслээ.
Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Д.Хүрэлбаатар Монгол малчин сэтгүүлийн нийтлэлийн бодлогын дарга Н.Норов “Малчин лавлах – 109” мэдээллийн төвийн захирал О.Өлзийбадрах болон холбогдох албаны хүмүүс оролцож тухайн салбарын талаар мэдээлэл илтгэлийг тавьж малчдын сонирхсон асуултад хариулан санал солилцсон юм. Мөн ахмад малчид, халгамж залаа болсон залуу малчдад мал маллах арга ухаан, туршлагаа хуваалцалаа.
Уг зөвлөгөөнд аймгийн 13 сумын малчдын залуу төлөөлөл болсон 200 гаруй малчин оролцож өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны тайланг сонсон харилцан санал солилцож мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ болсон. Аймгийн хэмжээний 15533 малчин өрх бүр идэвх зүтгэлтэй, санаачлагчтай ажиллаж, 2021 онд нийтдээ 860764 толгой төл бойжуулж улмаар тайлант оны жилийн эцсийн мал тооллогоор 2379,000 толгой мал тоолуулж байна. Ялангуяа 2020 оны жилийн эцэс болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 154,400 толгой мал нэмэгдсэн байна. Мөн энэхүү зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж болгон гаргана. Зөвлөмжид тусгаснаар аймаг, сумын удирдлагын түвшинд, Мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд, малчдын түвшинд тус бүр хийж хэрэгжүүлэх ажлуудыг тусгаж өгнө.