Аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нараар ахлуулсан ажлын хэсгийн ард иргэд, малчид, хөдөлмөрчидтэй уулзах уулзалт өнөөдөр /2022.11.14/ Алтай Буянт сумдад үргэлжилж, тулгамдсан асуудлын талаар санал солилцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Өнөөдрийн уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат, Онцгой байдлын газрын дарга З.Азат, Цагдаагийн газрын дарга Ө.Танат, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Татварын хэлтсийн дарга А.Камелият, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Мирас болон холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажил болон хавар тухайн сумын иргэдтэй уулзах үеэр гаргасан санал хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, агентлагийн дарга нар өөрсдийн байгууллагын жилийн тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын хүрээнд иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл өглөө.
Иргэд ажлын хэсэгт төрийн байгууллагуудын дарга нар багтаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, энэ нь иргэдийн санал гомдлыг сонсож, холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлснээр онцлогтой байсныг сайшаав. Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгууллагуудын танилцуулж буй тайланг багийн дарга нарт өгч, иргэдтэй уулзах уулзалтын үеэр танилцуулан мэдээлэл өгөхийг үүрэгдэв.