Хөнгөн үйлвэрийн салбарын бодлого

Хөнгөн үйлвэрийн салбарын бодлого

1. Салбарын урт хугацааны зорилт

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд буюу Зорилт 4.2-т “Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно” гэж заасан.  
 
Уг зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөсөн:

  • I үе шат (2021-2030): Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе – Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна.
  • II үе шат (2031-2040): Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатанд шилжих үе – Боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлсэн байна.
  • III үе шат (2041-2050): Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, олон тулгуурт тогтвортой эдийн засагтай улс болох үе – Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлсэн байна.

2. Салбарын дунд хугацааны зорилт, бодлого

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тус бодлогын зорилго нь дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.

Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
  • Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах;
  • Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор төлөвлөн хэрэгжүүлэх;
  • Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих;
  • Дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, эдийн засаг, нийгмийн үр ашиг бүхий боловсруулах, дахин боловсруулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих;
  • Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
  • Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх.

Бодлогыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлнэ:

  • I үе шат /2015-2020 он/: Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ.
  • II үе шат /2020-2025 он/: Экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
  • III үе шат /2025-2030 он/: Мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ.

Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

  • Хүн амын амьжиргааны түвшин сайжирч, үндэсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.
  • Үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангасан экспортлогч орон болж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  • Боловсруулах болон үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2014 оны түвшнээс 2 дахин нэмэгдсэн байна.
  • Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээ хөгжинө.
  • Судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
  • Аж үйлдвэрийн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, экспортын зах зээл өргөжинө.
  • Үндэсний түүх, соёлын онцлогийг агуулсан, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, соёлын нөлөө олон улсад бэхэжсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт  хөнгөн үйлдвэрийн салбарт дараах зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

2.5.14. Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар 150 мянган ажлын байр шинээр бий болгоно.
3.3.6. Малчдыг дэмжих анхдугаар аян зохион байгуулж, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн байдлаар байгуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолж, малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ.  
3.3.9. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих замаар мах, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
3.3.10. Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
3.3.11. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлсэн малчид, тариаланчдад төрөөс урамшуулал олгоно.
3.3.12. Хөдөө аж ахуйн тээвэр, борлуулалтын логистикийн сүлжээг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн чанарын хяналт, баталгаажуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
6.1.11.Дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
6.2.10.Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна.
6.2.13.Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон нутгийн онцлогт тохирсон ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

3. Салбарт хэрэгжиж буй хөтөлбөр

  1. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр  /2018-2021/
  2. “Ноолуур” хөтөлбөр  /2018-2021/
  3. “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр  /2017-2021/

4. Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал

Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагын 6314 буюу 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 3000 орчим аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 15 ба түүнээс дээш насны ажиллагчдын тоо 2019 оны байдлаар 1146.2 мянга байгаагийн 178.4 мянга буюу 15.6 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын ажиллагчдын 90.4 мянга буюу 50.6 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаагаас хөнгөн аж үйлдвэрийн салбарт 50000 орчим хүн ажиллаж байна.

Монгол Улсын ДНБ 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.5 (13.8%) их наяд төгрөгөөр өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл (оны үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өссөнөөс боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 351.8 (10.5%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хөнгөн үйлдвэрийн салбар нийт 2763.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт (оны үнээр) 2019 урьдчилсан гүйцэтгэлээр 20.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (9.8%) их наяд төгрөгөөр өссөнөөс боловсруулах салбарын нийт борлуулалт 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 660.7 (14.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт борлуулалтын 13.6 их наяд төгрөг буюу 67.7 хувийг гадаад зах зээлд борлуулсан бөгөөд гадаад борлуулалтын 2.2 их наяд төгрөг буюу 16.2 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарын борлуулалт эзэлж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар нийт 2171.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Хөнгөн үйлдвэрийн салбарт 2016-2020 онд хийсэн томоохон ажлын танилцуулгыг энд дарж, видео танилцуулгыг энд дарж үзнэ үү.