НЭГ Л БИШ

Малаа өсгөе гээд бодчихоор өсчихгүй. Тоогоо өсгөе гэснээр тоо нь өсөхгүй… Мянган малтай болно гэдэг чинь санаснаар болчихдог юм биш. Малаа судлана, бэлчээр усаа шинжин, байгалиа ажиглана. Их олон ухааны зохицлоос мал өснө. Малдаа сэтгэл зүрхээ бүрэн өгсөн хүний мал л өсдөг. Мал маллаж сурна гэдэг чинь академик сургууль төгссөнөөс илүү их эрдэмд суралцана гэсэн үг. Зүгээр л бэлчээгээд хаячихдаг юм биш. Хэзээ, хаашаа, яаж бэлчээх, хэдийд, хаанаас услах, ямар хугацаатай хужир мараа идүүлэх гээд бүх л зүйл нь малчин хүний танин мэдэхүйн ухаантай холбоотой байдаг. Тиймээс малч ухаан суугаагүй хүн мал маллаж баяжихгүй. Мал маллаж сурах нь Монгол хүний тулгуур гүн ухаан юм. Тэгэхээр малыг устгах, малчинг цөөлөх нь тэр гүн ухааныг нь устгах хэтийн бодлого юм. Нүүдлийн мал аж ахуйн гайхамшгийг мэдэх учир ашгийн буюу фермерийн аж ахуйг би хэзээ ч дэмждэггүй. Монгол хүнийг, монгол ахуйг, Монгол гэсэн бүхнийг нүүдэлчид өвлөн хадгалаж байгаа. Энэ бол нэг хэрэг.
-Мал бол хүний багш юм.
-Мал бол ШУ-ны суурь юм.
-Мал бол ертөнцийг танин мэдэхийн бичиггүй сурах юм.
-Мал маллаж үзээгүй, мал хүнд юу хайрладгийг мэдрээгүй хүмүүс хэдэн үсэг нүдэлж, хэдэн ном уншсаныгаа гэгээрээл хэмээн эндүүрч “Фермерийн ашиг шим” гэж хэнээтдэг нь ганцхан энэ цагт ч биш үе үед л байсан. Одоо харин сүрэглэх болжээ…
Монгол хэмээх үндэстний сүүлчийн дархлаа нь малчид юм. Тиймээс тэр дархлааг устгах их алсын бодлого манайд хэрэгжээд эхэлсэн бололтой… Ганц айл хэдэн зуун км газарт ганц гэрээр аж төрөн суудаг энэ монгол нутгийн малчид бол малчин гэхээс илүү хилчин юм. Малгүй бол өргөн уудам тал нутаг чинь эзэнгүйдэж, малчидгүй биш хилчидгүй болно. Тэд үгүй бол Монгол жинэхэн утгаараа угсаагаа алдана. Тэд л эх нутгийг минь хамгаалж хаана юу болж байгааг, сонсгож, тэр бүү хаагуур яах ёстойг Шинжлэх ухаанд зөвөлдөг эрдэмтэд юм. Салхи хаагуур хүчтэй болдог, ус үеэр хаагуур урсдаг, цас, бороо орохоор хаагуур яаж өөрчлөгддөг гээд нутаг нутгийнхаа газарзүйн болон байгалийн онцлогийг тэд л мэддэг. Тэднээс асууж байж зам, барилгаа барьж дэд бүтцээ байгуулдаг юм. Ганцхан юм л малчдаас асуухгүй байгаа. Тэр нь уул уурхай. Тиймээс манайд ажиллаж байгаа бүх уурхай Монголын дайсан болчихоод байна.
Шударга царайлчихаад улс төрчдийн муу муухай, булхай бузар бүхнийг хайцаалж байдаг сэтгүүлч нэртэй заримдгууд мал мэдэхгүй хүмүүсийн бодол санаанд нөлөөлж, малчдыг үзэн ядуулах чиглэлд хөтөлсөн том том нийтлэл бичиж байна. Тэдний үзэж байгаагаар бол хаа сайгүй ухаж байгаа тоомгүй олон уурхай, газрыг хулганы нүх шиг болгож байгаа нинжа нар биш Мал газар нутгийг нь сүйтгэж байгаа гэнэ. Химийн хортой бодисоо ямарч хяналгүй гол мөрөнд цутгаж байгаа арьс ширний үйлдвэр биш мал усыг нь бохирдуулж байгаа гэнэ. Товчихноор хэлэхэд мал нь үхээд малчид нь нинжа болчихвол Монгол улс хөгжих юм гэнэ.
Мал маллаж үзээгүй хүмүүс малыг гахай, тахиа шиг бодох юм. Монгол мал бусад амьтнаас тэс өөр. Хэлтэй, сэтгэлтэй, ухаантай амьтан. Мал эзэнтэйгээ ярьдаг, ойлголцдог, баярладаг, гомддог… Хош, чаа, хоов түүш, хоог сөөг, гурий гүрий, хаа хоч, гээд мал бүхэнд зориулагдсан тусгай авиазүйн дуудлагатай үг хэллэг байдаг. Чаа гэхийг ямаа л сонсохоос тэмээг сонсохгүй. Бөлбөө \гийнгоо\ гэдэг чинь морь хүүхэд хоёр биесээ нь ойлголцдог ярилцдаг хэл юм. Монгол бусад үндэстнээс тэс өөр онцлогтой. Түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Морь гэдэг чинь илжиг биш, хонь ямаа чинь тахиа биш, үхэр тэмээ чинь гахай бишээ. Монгол мал өөр өөрийн араншинтай, өрөө өвс тэжээл, хужир усаа шилж ууж, иддэг.
Мянгат малчин айлд нэг хүн 7 хонь тавиулсан гэнэ. Тэр айлын хотонд чоно орсон чинь тавиул долоог идчихсэн тухай нэг бичвэр нэтээр нэлээд явсан даа. Яг тэгдэг юм. Мал чинь эзнийхээ сэтгэл дагаж өсдөг амьтан. Айлд тавьж өсгөж байгаад хэдэн төгрөг болгоод авъя гэж бодсон бол хэзээ ч өсөхгүй. Нэг эмэгтэй “Манай аав айлд 15 хонь 5 жил тавиулаад түүнээс 7 хонь авчихаад учиргүй баярлаж байсан” гэж бичсэн байсан. Тэр хүн бол юм мэддэг учир баярласан байх. Тэр хүний сэтгэл байгаа учир малын тал нь байсан гэсэн үг. Тийм сэтгэл байгаагүй бол нөгөө 7 хонь шиг юм л болно. Тиймээс Монголчууд хүүхдээ сургахдаа тархинд нь юм хийхийн төлөө биш сэтгэлд нь юм суулгаж хүмүүжүүлдэг юмаа. Сэтгэлтэй байхад бусад нь дагаад бий болдог учиртай…
Малчид жаргаж байна гэх болж. Жаргал тэнд байнаа байна. Мал маллахад ямарч үнэмлэх диплом шалгахгүй, ямарч барьцаа хөрөнгө нэхэхгүй, нас хүйс харгалзахгүй, хэлбэр галбир сонжихгүй… хэн дуртай нь хүссэн үедээ очоод хийж болох жаргал мөн. Энд таануус муулаад сууж байхаар тэнд очиж жаргаа ч… Суурин иргэншилд шигдэн суугаад хүний мөсөө алдаж, хийхээс илүү хэлдэг болсон, хүрэхээс цэрвэж номолдог болсон байж болно. Тэр хамаагүй, та зориг гаргаад малын хажууд очоод үз. Хүн биш мал танд амьдрах ухаан заана. Багш биш байгаль таны орших эс оршихыг чинь шийднэ. Хөдөө гарч мал болох нь хотод сууж араатан болсноос хамаагүй ариун явдал мөн…
Өвлийн хийтэн, хаврын хатууг давсан малчид малаа ногоо идүүлээд нуруун нэг тэнийдэг. Зуны дэлгэр цагаар цагаан идээгээ боловсруулж айраг цагаагаа ууж, морь малаа уяж малчин хүний жаргал эдэлдэг… хадлан тэжээлээ бэлдэж, өвлийн бэлтгэл базааж авсан малчид намрын налгарт найр хурим хийж сэтгэл тэнүүн байдаг. Хотынхон зуны дэлгэр, намрын налгарт хөдөө орон нутгийг зорьж амрах нь элбэг. Яг тэр үеэр малчид маань айраг ууж дэмбээ наадаж, морь малаа уралдуулж, дуу хуур хангинуулж жаргал гэдэг чинь энд байна гэж байгаа юм шиг суудаг. Түүнийг харсан хотынхон “энэ малчид гэдэг чинь ёстой жаргаж байдаг нөхдүүд байна” хэмээн бодсоор буцацгаадаг бололтой.
Малчин хүний нэг онцлог байна. Тэр нь:
Хэн нэгэн хүн ирэхэд сайн муу, их бага гэхгүй дайлж цайлна. Хоолоо хийгээд л, архи дарсаа гаргаад л, тоглож наадаад л, инээж баясаад л суугаад байна. Огт малгүй юм шиг, юунд ч санаа зовдоггүй юм шиг тайван сууна. Нөгөө мал хар чинь яаж байгаа бол энэ тэр гэвэл –Өө, тэр яах вэ хүүхэд харж байгаа биз, саалхалтын тэр эргүүлчихнэ биз гэх маягтай, ер ажрахгүй. Тэгээд л зочид явахад гаргаж өгчихөөд л –Хүүе нөгөө морь яав, хонь юу болов, тэмээ, үхэр тугал гээд бужигнаад эхэлдэг. Үүнийг хөндлөнгийн хүмүүс мэддэггүй.
Өвлийн хийтэнд хонь манаж үзээгүй, хаврын хавсарганд малтай уруудаж үзээгүй, жиндүү шөнөөр төл тосож аваагүй, ногооны үзүүрт үхэр өргөж үзээгүй хүмүүс МАЛЧИН хүний зовлон жаргалыг ойлгохгүй. Монголын хүн амын гуравны нэг хүрэхгүй хувь нь суурин байсан. Одоо хүн амын гуравны хоёр нь суурин амьдралд шилжжээ. Үүнийхээ гороор үндсэн хэв маягаа алдаж, өрнөдийн залинд идүүлэх аюулын ир нь дээр байгаа хүмүүс бол суурин хотын биднүүс.
“ЧАНАРГҮЙ МАЛ”
Чанаргүй мал гэсэн нэг ийм үгийг хэлдэг, бичдэг хүмүүс их болж. Чанаргүй мал гэж байхгүй. Мал бол мал. Ямар өвс ургамал, ямар ус хужир, ямар бэлчээр, ямар маллагаатай вэ гэдгээс хамаарч тарган туранхай, сайн муу гэдэг нь яригдана. Хэдэн мянган жилээр уламжлан маллаад ирсэн буянт мал сүргийг “чанаргүй” гэх нь Монголоо алдсан хүний үг. Хашаа хороонд шахаж бордоод гахай шиг болгосон малаа бэлчээрийн сорыг идэж, усны тунгалгийг уудаг эрдэнэт сүрэгтэй жиших нь зүйлэг ойлголт. Зоволгоо даахгүй болтол нь бордчихоод ашиг ярьдаг панзчин сэтгэлгээгээр асуудалд ханддаг үзэл гаарлаа. Монгол мал чинь өөр. Өөр өөртөө ихээхэн өөр шүү. Мах нь эм, арьс үс нь эд, аргал нь хүртэл гал болдог өөр.
Атрын аян нэрийн дор төрөөс олон зуун тэрбум төгрөг авч, газар тариалангийн бүс нутгийг сум сумаар нь хашиж авсан хэдхэн компанид зориулж хууль баталж, тэдний эрх ашгийн төлөө төр үйлчилж байна. Тэднүүс бас үхэр фермертэй. Уурхайтай! Тэдний санаа, алсын бодол нь бүх малчдыг хуулиар шахаж хөөгөөд, хавчсаар байж нүүлгээд бүх нутагт нь эзэн суух юм. Тэд л бэлчээр хомсдож, чанаргүй мал ихслээ гэж турхирч байна. Тэдний гар хөлүүд түүнийг нь өдөр шөнөгүй постолж байна. Товхон хэлэхэд газар нутаг, мал аж ахуй, иргэдийн амжиргааг тэд хуулиар дээрэмдэж байна.
Хур бороо орохгүй бол ямарч нутаг гандана шүү дээ. Түүнээс үүдэн бэлчээр доройтож байгаа нь үнэн. Гэвч хур бороо орвол сэргээд л ирнэ. Жижиг тугалын бэлчээр жирэмсэн эмийн шээхээс холдож үзээгүй гэдэг шиг Улаанбаатарыг тойрч харчихаад бэлчээрийн даац яриад байна. Монголд юу л байна бэлчээр байна. Даанч усгүй… Үнэхээр малчдад, малд санаа зовж байгаа бол худаг ус гаргаад өгчих хэрэгтэй.
Зөвхөн Тамирын хөндийд сая гаруй мал, Хэрлэнбаян-Улаанд 1,5 сая мал өвөлжиж байна. Хоёрхон газарт л 3 сая мал багтаж байхад 70 сая мал Монгол нутагт бол түнтүүний буланд хаясан хэдэн шагай л гэсэн үг. Байгаль цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ахуйд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Малчин удам бол яс цусных. Мянган сайхныг амалсан ч малаа орхиж явахгүй сэтгэл жинхэнэ малч хүнд бий. Нүүдэлчин ахуйн учир зүйг мэдэхгүй хүмүүс “малчид жаргаж байна” гэж нүд үзүүрлэдэг. Хорь гучин жил, магадгүй хоёр гурван үеэрээ зүтгэсэн хөдөлмөр нь ганцхан зуднаар дуусдаг эмзэг талбар гэдгийг мэддэггүй. Мэддэггүй хүний дураараа чалчсан үгийг мэддэггүй дураараа хүмүүс хошууран алга ташдаг.
Хөдөө малчин олдохгүй байна. Өндөр цалин өгч, байр хоолоор хангая гээд ч хүн олдохгүй байна. Малчин хүн тийм их жаргалтай, мал маллах тийм амархан юм бол яагаад тэр амархан зүйлийг хүн бүхэн хийж жаргахгүй байгаа юм бэ? Суурин хотын иргэн та -Нүүр нүдгүй шуурахад та яах вэ?, -Аадар асгаж аянга буухад та яах вэ?, -Хүйтний хэм -40 өөс давахад та яах вэ? Та гэртээ ороод галаа түлж дулаацаад, магадгүй хоол цай хийж тухлах байх… Харин малчид гадаа гарч малынхаа хажууд очдог юм. Байгалийн хамгийн хатуу, хэцүү үед малчин хүн гэртээ хоргоддоггүй.
XX зуун дуустал Малчин монголчуудын амьдралыг гадаадынхан гайхдаг байлаа. XXI Монголчууд өөрсдөө гайхдаг боллоо. Монголчууд язгуур чанараа алдсаны гэрч энэ юм.
Малч ухаан гэж бие даасан том шинжлэх ухаан байна.
-Хүн хүнтэйгээ харьцах.
-Хүн мал буюу амьтантай харьцах.
-Хүн байгалийн харьцаа гурвын нэгдэл нь Малч ухаан юм.
*** *** ***
Энэ дэлхий дээрхи эзэндээ ээлтэй цорын ганц унаа бол морь юм. Морьтой давхиж байгаад унахад бараг л гэмтэхгүй, машинтай давхиж яваад осолдоход бараг л амьд үлдэхгүй.
*** *** ***
Монгол ухаан бол өвлийн хийтэнд биш зуны халуунд хүн хөлдөж үхэж болохыг ухааруулсан ухаан юм.
*** *** ***
Хөдөөнийхөн сэтгэл хэмээх хөрөнгөтэй баячууд юм
Хотынхон хөрөнгө гэдэг сэтгэлтэй гуйранчид юм! Нэг л биш боллоо.❗
Next article