Өвс ургамлын бүрэлдхүүн сийрэгжиж, ургац буурч, талхлагдаж байна

Бэлчээр хадланг тордож сайжруулах – сүүлийн 10 –аад жилд хадлангийн талбайн ашиглалтын горим алдагдаж, ихэнх хадлангийн талбай жилийн дөрвөн улиралд бэлчээрт ашиглагдан, өвс ургамлын бүрэлдхүүн сийрэгжиж, ургац буурч, талхлагдаж байна.
Статистик мэдээгээр 1980 –д оны үеэс хадлан бэлтгэлийн хэмжээ 1.4 дахин буурсан нь нэг талаас хадлан бэлтгэх ажлын цар хүрээ багассантай, нөгөө талаас хадлангийн талбайн ургац буурсантай холбоотой. Иймд хадлангийн талбайг хамгаалах, тордож сайжруулах замаар ургацыг нь нэмэгдүүлэх шаардлагатай.
Судлаачдын судалгаанаас харахад ургамлын бүрэлдхүүн муудаж, ургац нь буурсан ойн захын ба нугын хадлан, нугын эрчимтэй ашиглалт бүхий бэлчээрийг түр хугацаагаар хашиж амраахад бүтээмж нь богино хугацаанд дээшилж, малын бууц болон эрдэс бордоогоор бордоход ургац 2-2.5 дахин нэмэгдэж, өвсний чанар сайжирч байна. Чийгийн хангамж сайтай нугын бэлчээрийг тордож сайжруулах замаар хадлангийн эдэлбэр газрыг шинээр бий болгох боломжтой. Хангайн уулархаг нутгийн татмын хаяа нуга, ойн захын чийглэг нуга, уулын хээржсэн нугын бэлчээр, хадлангийн талбайг 4-р сарын эхээр малын хөлөөс чөлөөлж, 1 га-д 50 тн бууцаар бордсон туршилтаас үзвэл 1 га- гийн ургац 50-69 центнер |1ц – 100кг|, мөн 1 га талбайг 50 тн бууц + Азот 90 кг + Фосфор 90 кг-аар бордоход 1 га-гийн ургац 61-74 центнер болсон байна. Эх сурвалж: ХОБТ-ийн архив