Баян-Өлгий аймгийн “Алтын сапа” компани өвөл, зуны хүлэмж үйлдвэрлэж, дотоодын зах зээлд борлуулж байна.

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн “Алтын сапа” компани өвөл, зуны хүлэмж үйлдвэрлэж, дотоодын зах зээлд борлуулж байна.
Тус компанийн хамт олон 2018 оноос Өлгий хотод анх удаа өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулсан юм. Эдүгээ хүлэмжийнхээ талбайг өргөтгөн томсгож 1000 мкв-т хүргэн орон нутгийн иргэдийг шинэ ногоо, үрсэлгээгээр хангаж байна.
Харин 3 жилийн өмнөөс өвөл, зуны хүлэмж үйлдвэрлэх ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр 3х4 метрээс 8х100 метр хүртэлх хэмжээтэй хүлэмжүүдийг хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хийц, хэмжээгээр үйлдвэрлэж үйлчилж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ ч боломжийн бөгөөд хэмжээнээсээ хамааран 1,3 саяас 9 сая төгрөг аж.
Баян-Өлгий аймгийн иргэд өмнө нь ОХУ, Хятад улсуудаас хүлэмж оруулж ирж ашигладаг байжээ. Харин «Алтын сапа» компанийн үйлдвэрлэж буй хүлэмжүүд импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
“Манай хүлэмжүүд хөрсийг 30-40 см ухаж, газарт бэхэлж өгснөөр салхи шуурганд тэсвэртэй, бат бөх гэдгээрээ онцлогтой. Мөн хучилтын гялгар цаасыг үйлдвэрээс нь шууд татан авдаг тул чанартай, 3-4 жил ашиглах боломжтой. Төмөр хийц нь 10-15 жилийн эдэлгээтэй. Түүнээс гадна дотор нь дулаан хадгалах нэмэлт төхөөрөмж суулгаж өгснөөр 3-11 дүгээр сарын хооронд тариалалт хийх боломж бүрдэнэ” хэмээн компанийн захирал Б.Бауыржан хэлэв.
Тус компани одоо бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод борлуулж эхэлсэн бөгөөд «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд зах зээлийн эрэлт ч нэмэгдэж байгаа аж.
Гэхдээ хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр онцлов. Тухайлбал, арилжааны банкнууд цахилгаан бараа, тоног төхөөрөмжид лизингийн зээл олгодог ч иргэдийг хүлэмжээ зээлээр авах боломжоор хангахгүй байгаа юм байна. Энэ нь банкны эдийн засагчид хүлэмжийн аж ахуйн ач холбогдлыг сайн ойлгохгүй байгаатай холбоотой байж мэдэх юм.
Хүлэмжийн аж ахуй эрхлэх, үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжих сайн туршлагууд бусад аймгуудад гарч байна. Тухайлбал, Дорнод аймаг өнгөрсөн онд 300 хүлэмж худалдан авч иргэддээ тараажээ. Харин энэ жил уг тоог 500-д хүргэн тендерээ зарласан байна. Сэлэнгэ аймаг хамгийн олон газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид зээл олгосон арилжааны банк, эдийн засагчийг урамшуулах болзолт уралдаан зарласан байна.
Манай улсын иргэд хүлэмжээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон тул төр засгаас бодлогоор дэмжиж өгвөл үйлдвэрлэлийн хүчин чадал улам нэмэгдэж, ард иргэд ч хүссэн хүнсний ногоогоо өөрсдөө тариалах, улмаар өрхийн газар тариалан хөгжих боломжтой гэдгийг Б.Бауыржан захирал хэлж байна.